Tag Archives: Парис

Бүгд Найрамдах Франц Улс

Албан ёсоор Бүгд Найрамдах Франц Улс (фр. Rйpublique franзaise) хэмээн нэрийдэгддэг Франц улс (фр. France, францаар ингэж дуудагдана) Өрнөд Европт оршдог. Европ дахь үндсэн орноос гадна далайн чанад газар нутагтай. Францын үндсэн орон өмнө зүгийн Газрын дундад тэнгисээс, умар зүгт Ла-Маншийн хоолой, Умард тэнгис, дорно зүгийн Рейн мөрнөөс өрнө зүгийн Атлантын далай хүрнэ. Францчууд эх орноо геометрийн дүрсээс нь шалгаалж L’Hexagone буюу “6 өнцөгт” хэмээн нэрлэх нь олонтаа. Франц нь Хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь нэгдмэл. Нийслэл нь Парис хот.
Эх газрын Франц нь Бельги, Люксембург, Герман, Швейцари, Итали, Монако, Андорра, Испани улсуудтай хиллэдэг. Мөн Францын газар нутаг болох Франц Гвиана нь Бразил, Суринам улсуудтай, Сэйнт-Мартин нь Нидерландын Антилийн арлуудтай тус тус хил залгана. Ла-Маншийн хоолой доорх Чаннель туннелаар (Channel Tunnel) Британитай залгадаг.
17-р зууны сүүл үеэс 19-р зууны эхэн үе хүртэл Франц нь дэлхийн хамгийн хүчирхэг орнуудын тоонд тооцогдож байв. 18, 19-р зуунд Франц нь баруун Африк, зүүн өмнөд Азид, маш том колонийн гүрнийг байгуулж чадсан бөгөөд тухайн нутгуудын соёл урлаг, улс төрд ихээхэн нөлөөлжээ. Франц нь өндөр хөгжилтэй орон бөгөөд эдийн засаг нь номинал ҮНБ-р дэлхийд зургаад, худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ-ээр наймд жагсдаг. Мөн жил бүр 82 сая гадаадын жуулчдыг хүлээн авдаг (бизнесийн зорилгоор ирсэн хүмүүсийг тооцсон, гэхдээ 24 цагаас доош байсан хүмүүсийг тооцоогүй), жуулчдынхаа тоогоор тэргүүлдэг. Франц нь Европын холбоог анх байгуулсан орнуудын нэг бөгөөд гишүүн орнуудаас хамгийн их нутаг дэвсгэртэй. Мөн НҮБ-ыг байгуулсан орнуудын нэг бөгөөд Франкониофи, Их Найм, Латин холбоо зэрэг байгууллагуудын гишүүн. Үүнээс гадна НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд цөмийн зэвсэгтэй орон юм.

Газар нутаг
Эх газрын Францын газрын гадаргын гуравны хоёрыг тэгш тал эзэлнэ. Үлдэх хэсэгт нь Альпын нуруу (Баруун Европын хамгийн том нуруу), Пиренейн уулс, Юра, Төв өндөрлөг, Восжийн толгод зэрэг уул нурууд байна. Далайд 4 гарцтай: Ла Манш, Хойд тэнгис, Атлантын далай, Газар Дундын Тэнгис. Франц улс 5500 км эрэг хавийн газар нутагтай.
Уур амьсгал
Уур амьсгалын гурван төлөвтэй:

  • баруун хэсэгтээ далайн уур амьсгалтай
  • өмнө зүгт Газар Дундын Тэнгисийн уур амьсгалтай
  • төв ба зүүн хэсгээрээ эх газрын уур амьсгалын шинж давамгайлдаг.

Байгаль орчин
Хөдөө аж ахуй ба ойн үйлдвэрийн 48 сая га талбайгаас 82% нь томоохон хотуудад бий.
Франц улсад 136 нэр төрөл модны эфирийн тос гаргаж авч байгаа нь Европын орнуудын хувьд онцгой тохиолдол юм. Франц улс байгалийнхаа нөөц өвийг хадгалан хамгаалахын тулд төрөөс дараах газруудыг бий болгожээ. Үүнд:

  • Байгалийн нөөц газар 132
  • Биологийн хамгаалалтай бүс нутаг 463
  • Далайн эрэг хавийг хамгаалах байгууллага 389 газрыг хамгаалалтад авчээ.

Газар нутгийн 7%-тай тэнцэх хэмжээний талбай бүхий 35 дархан цаазтай газар байгуулсан. Байгаль орчныг хамгаалахад 22,1 тэрбум евро зарцуулсан ба оршин суугч бүрээс 378 евро буюу 2480 франк гаргасан. Нийт төсвийн дөрөвны гурвыг бохир ус, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зарцуулдаг. Олон улсын хэмжээнд НҮБ-аас гаргасан байгаль цаг уур, цөлжилтийн тухай гэрээ, хэлцэлийн ихэнхэд нь Франц улс идэвхтэй оролцсоор ирсэн.
Хүн ам
Нийт хүн ам нь 2008 оны байдлаар 64,473,140, үүнээс эх газрын Францад 61,875,822. Нягтшил нь 1 км.кв. газарт 114 хүн. Франц улсад 150000-аас дээш оршин суугчидтай 52 томоохон хот суурин газар бий. Хамгийн олон оршин суугчидтай хотууд (2000 оны байдлаар):

  • Парис, 9,8 сая
  • Лион, 1,4 сая
  • Марсель, 1,4 сая
  • Лилль, 1,1 сая
  • Түлүз, 1,1 сая

Засаг захиргааны бүтэц
Франц улс нь 22 бүс нутаг, 96 мужид хуваагдана. Далайн чанадын 4 муж нь:

  • Гуаделупе
  • Мартиник
  • Франц Гвиана
  • Реюньон байна.